(Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.
(Эхлэл 6:18-22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.
Тэрхүү эрин үед Бурхан маш чухал зүйл хийхийн тулд Ноаг дуудах санаатай байсан. Тэр яагаад үүнийг хийх хэрэгтэй болсон бэ? Учир нь тухайн мөчид Бурханы зүрх сэтгэлд төлөвлөгөө байсан. Тэр дэлхийг үерээр устгах төлөвлөгөөтэй байсан. Яагаад дэлхийг устгана гэж? Энд ингэж хэлсэн байна: “Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” Та нар “дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэсэн өгүүлбэрээс юу харж байна вэ? Энэ бол дэлхий болон түүний хүмүүс дээд цэгтээ хүртэл ялзарч байгааг хэлж байгаа ба өөрөөр хэлбэл: “дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” Өнөөдрийн хэлээр бол “хүчирхийллээр дүүрсэн” гэдэг нь бүх юм эмх замбараагүй байна гэсэн үг юм. Хүний хувьд нийгмийн бүх давхаргад дэг журам байхгүй, юмс бүгд эмх замбараагүй бөгөөд удирдахад хэцүү байна гэсэн үг. Бурханы нүдээр энэ нь, дэлхийн хүмүүс хэтэрхий ялзарсан байна гэсэн үг юм. Ямар хэмжээнд хүртэл ялзарсан бэ? Бурхан харж тэвчихгүй, энэ талаар тайван суух аргагүй болтол хэмжээнд хүртэл ялзарсан. Бурхан түүнийг устгах хэмжээнд хүртэл ялзарсан юм. Бурхан дэлхийг устгахаар шийдэх үедээ бүхээг барих хэн нэгнийг олохоор Тэр төлөвлөсөн. Дараа нь Бурхан үүнийг хийлгэхээр Ноаг сонгосон ба тэр нь Ноагаар бүхээг бариулах явдал байв. …
… … … …
Ноа дуудагдсан нь энгийн л баримт юм, харин бидний ярилцаж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь энгийн биш юм. Бурханы энэ хэдэн асуудлыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, түүгээрээ дамжуулан Түүний зан чанар, хүсэл болон мөн чанарыг ойлгох юм. Энэ бол маш чухал юм. Тэгэхээр Бурханы нүдээр ямар төрлийн хүнийг Тэрээр дууддаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чадах хүн байх ёстой. Мөн үүний зэрэгцээ энэ нь хариуцлагын мэдрэмжтэй, Бурханы үгэнд өөрийн гүйцэтгэх ёстой хариуцлага, үүрэг гэж хандан үүнийг гүйцэтгэх хүн байх ёстой. Энэ хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй эсвэл Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноагийн Бурханы тухай мэдлэг маш бага байсан. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичигдсэн байгаа боловч тэр Бурханы үнэн биеийг харсан уу? Хариулт нь мэдээж үгүй! Яагаад гэвэл тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүс дээр ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч тэд зүгээр л Бурханы хүсэл болон Түүний санааг дамжуулж байсан юм. Бурхан үнэн биеэ хүнтэй нүүр тулан илчлээгүй. Бичээсийн энэ хэсгээс үндсэндээ бидний хардаг зүйл бол энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан хийгээд түүнд өгсөн Бурханы даалгавар юу байсан бэ гэдэг юм. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийсэн зүйл бүр нарийн төлөвлөгдсөн байдаг. Хэрэв Тэр ямар нэг зүйл, үйл явдал болж байгааг харах юм бол Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандартаар Тэр түүнд арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхээ эсвэл энэ зүйл, үйл явдал дээр яаж ажиллахаа тодорхойлдог. Тэр хайхрамжгүй биш бөгөөд бүх зүйлд ямар ч сэтгэл хөдлөлгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн ишлэл байдаг: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно.” Энэ удаагийн Бурханы үгэнд, Тэр зөвхөн хүмүүсийг устгах гэж байгаа гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгах гэж байгаа гэж хэлсэн. Бурхан яагаад устгахыг хүссэн бэ? Бурханы зан чанарын өөр нэг илчлэл энд байна: Бурханы нүдээр, хүний ялзрал, мах цустай бүхний бузар байдал, хүчирхийлэл болон дуулгаваргүй байдлыг тэвчих Түүний тэвчээрт хязгаар байсан юм. Түүний хязгаар нь юу байсан бэ? Бурханы хэлснээр: “Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “Учир нь газар дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөж байсан, Бурханыг үгээр зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтад гэсэн үг—нэгэнт тэдний зан авир нь ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгвэл Бурхан хүн болон мах цустай бүхний ялзралыг хэр хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай эсвэл үл итгэгчид ч бай бүх хүмүүс бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн зүгээр ёс суртахууны хувьд ялзарч, хорон муу бүхнээр дүүрээд зогсохгүй мөн ертөнцийг Бурхан удирддаг, Бурхан хүмүүст гэрэл болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн Бурханы оршин байгаад зэвүүцэж, Бурханыг оршин байхыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр дуусах юм. Үүнийг юугаар орлуулах вэ? Бурханы уур хилэн болон Бурханы шийтгэлийн ирэлт. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг байсан уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн байгаа юу? Бурханы нүдээр төгс хүн байгаа юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр газар дээрх мах цустай бүхний зан авир ялзарсан үе мөн үү? Энэ өдөр болон эрин үед Бурханы бүрэн дүүрэн болгохыг хүсэж байгаа, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүмүүс Бурханы тэвчээрийг барж байгаа биш гэж үү? Та нарын хажууд болж байгаа бүх зүйл, та нарын нүдээр харж, чихээр сонсож байгаа зүйл, өдөр бүр энэ ертөнц дээр биеэрээ мэдэрч буй бүх зүйл чинь хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр ийм ертөнц, ийм эрин үе дуусах ёстой биш гэж үү? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас бүрэн өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан байгаа. Бурхан Өөрийн ажлаасаа болж тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн орчин, нөхцөл байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байгаа.
… … … …
Эдгээр нөхцөл байдлын дор Бурхан юуны тухай хамгийн их санаа тавьж байгаа вэ? Лав л түүнийг огт дагахгүй байгаа хүмүүс болон Түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс Түүнд яаж хандаж байгаа болон Түүнийг яаж эсэргүүцэж байгаад эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж муу хэлж байгаад санаа тавиагүй. Тэр зөвхөн Түүнийг дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх Түүний авралын бай нь Түүгээр бүрэн гүйцэд болгуулах эсэх, мөн тэдгээр нь Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л анхаарал тавьдаг. Түүнийг дагадагаас бусад хүмүүсийн тухайд Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр Өөрийг нь дагадаг, Түүгээр аврагдах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын тэвчээртэй, хүлээцтэй байж, тэднийг Өөрийн чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар Бурхан Өөрийг нь дагадаггүй, Түүнийг эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг хүчтэй үзэн ядаж, зэвүүцдэг. Хэдий Тэр эдгээр Сатаны төрлийн хүмүүс Түүнийг дагаж эсвэл Түүнийг шүтэн мөргөж байгаа эсэхийг анхааардаггүй боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчих зуураа Тэр мөн л тэднийг зэвүүцдэг бөгөөд эдгээр Сатаны төрлийн хүмүүсийг дуусгахаар шийдэнгээ Тэр бас Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмуудыг ирэхийг хүлээж байдаг.
“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
No comments:
Post a Comment