Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/28/2019

Христэд итгэгчид яагаад өвддөг вэ? Бид өвчнийг хэрхэн туулах ёстой вэ?


–гарчиг
1. Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло
2. Бурханы тогтоосон амьдралын хуулийг дагаснаар өвчний тохиолдлыг бууруулж болно
3. Бурханы өмнө тайван байж, өөртөө дүн шинжилгээ хийн, Бурханд нүглээ улайж, гэмш
4. Өвчний цэвэршүүлэлтийн үеэр Бурханд итгэж, Түүний төлөө гэрчлэлд зогс
  “Өвчин тусахаараа эмч олох гэж сандарна” гэх хэлц нь өвчин тусах үедээ хүмүүсийн мэдэрдэг түгшүүр, арга мөхөс байдал, сандралыг шууд тусгадаг. Бурхан бүх зүйлийг бүтээж, бидэнд амьсгалыг маань хайрласан бөгөөд хүний амьдрал, үхлийг Бурхан захирч, зохицуулдаг гэдгийг Христэд итгэгчид болохынхоо хувьд бид мэддэг боловч өвчин тусах үедээ мөн л яах ёстойгоо мэдэхгүй болдог. Иймээс би энэ асуудлын тухайд будилж явсан билээ: Бид өвчин тусах үедээ үүнтэй тайвнаар нүүр тулж, Бурханд жинхэнэ итгэлтэй байхын тулд өвчнөө хэрхэн туулах ёстой вэ? Би байнга залбирч, Бурханаас энэ тухай эрж хайсан бөгөөд ах эгч нартайгаа хамт эрж хайж, нөхөрлөөд хэсэг хугацааны дараа үүнийг ойлгож авсан юм: Бид өвчин тусах үедээ өвчин туссаны маань ар дахь Бурханы санаа зорилго юу болохыг ойлгон, хэрэгжүүлэлтийн дөрвөн зарчмыг эзэмших замаар л тайван бус байдал, сандрал, арга мөхөс байдлын мэдрэмжээ шийдвэрлэж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгож чадна. Та бүхэнд жаахан тус болог хэмээн найдаад би өөрийн багахан, энгийн ойлголтыг ах эгч нартайгаа энд хуваалцъя.

Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло
  Өвчин тусах үедээ хүн болгон энэ тухайд өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд зарим ах эгч өвчнийхөө талаар гомдоллон: “Би Бурханд итгэдэг мөртөө яаж ийм өвчин тусаж чадав аа?”, “Бурхан яагаад намайг харж, хамгаалдаггүй юм бэ?” гэх мэт зүйл хэлнэ. Түүнчлэн ямар нэг байдлаар Бурханы дургүйг хүргэн, гонсойлгосон учраас өвчин туссан хэмээн бодох ах эгч нар байдаг бөгөөд тэд үүнээсээ үүдээд өөрийгөө голж, гутран, сөрөг байдалд байхдаа Бурханыг буруугаар ойлгон, гомдоллодог… Бид өвчин тусах үедээ иймэрхүү байдлыг илэрхийлдэг бөгөөд эдгээр нь бүгд өвчний гарал үүслийг ойлгодоггүйгээс маань үүддэг. Үнэн хэрэгтээ, ямар ч өвчин туслаа гэсэн бид Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож болохгүй, учир нь өвчин Сатанаас үүдэлтэй, мөн Сатан биднийг завхруулсны дараа өвчин үүссэн билээ. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хүний амьдралын туршид байдаг төрөлт, өтөл нас, өвчин эмгэг, үхэл гэх мэтийн зовлон шаналал хаанаас гардаг вэ? Юунаас болж хүмүүс анх ийм зүйлстэй болсон бэ? Анх бүтээгдэх үедээ хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм үү? Тэгвэл эдгээр зүйлс хаанас гардаг вэ? Махан биеийн өвчин шаналал, махан биеийн уйтгар гуниг, хоосон байдал, бас дэлхий ертөнцийн туйлын харуусалтай байдал нь хүнийг Сатан завхруулсны дараа бий болсон юм. Сатаны завхралын дараа хүн улам бүр доройтож, өвчин эмгэг нь хүндэрч, зовлон нь улам бүр ноцтой болсон. Хүн энэ дэлхийн хоосон байдал, эмгэнэлт явдал, энэ дэлхийд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлыг улам бүр мэдэрч, дэлхийг гэх итгэл найдвар нь улам бүр багассан. Иймээс энэхүү зовлонг Сатан хүнд авчирсан бөгөөд Сатан хүнийг завхруулж, хүний махан бие доройтсоны дараа л энэ нь бий болсон юм” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир”).

  Бид бүгдийн мэддэгчлэн, Адам Ева хоёр эхэндээ Бурханы үгийг анхаарч, Түүнийг дуулгавартай даган, Еден цэцэрлэгт Бурханы халамж, хамгаалалт дор ямар ч санаа зовох зүйлгүй амьдардаг байсан юм; тэр хоёр шаналал, зовнил байтугай өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг ч мэддэггүй байв. Хожим нь Адам, Ева хоёрыг Сатан уруу татан, Бурханы хориглосон сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идүүлсэн тул тэд Бурханаас зайлж, урван, Бурханы халамж, хамгаалалтыг алдаад Сатаны эзэмшил дор унасан юм. Иймээс өвчин, зовнил, хоосрол, үхэл гэх зэрэг нь хүн төрөлхтнийг нэрвэжээ. Сатан олон мянган жилийн турш бурхангүй үзэл, материализм, хувьслын онол болон “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг, би үхэхээр чи үх” “Дэлхий дээр ямар ч Аврагч байхгүй” “Бидний хувь заяа бидний гарт байдаг” “Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг” “Чи хэдийчинээ их зовно, төдийчинээ амжилтанд хүрэх болно” “Чи өөрийнхөө аз жаргалыг олж авах ёстой” “Мөнгө дэлхийг эргүүлдэг” гэх мэт янз бүрийн сатанлаг гүн ухаан зэрэг алдартай, агуу хүмүүсийн тэрс үзэл, төөрөгдлийг ашиглан хүнийг хуурч, завхруулж ирсэн юм. Сатан сургуулийн боловсрол, эцэг эхийн нөлөө болон нийгмийн орчны нөлөө зэрэг сувгаар дамжуулан эдгээр тэрс үзэл, гаж онолоор хүмүүсийг ямагт ухуулдаг. Эдгээр тэрс үзэл, төөрөгдөлд хордон, нөлөөнд нь автмагцаа бид Бурханы оршин тогтнол, дээд эрхийг үгүйсгэдэг бөгөөд биднийг хангаж, тэтгэгч нь Бурхан гэдэгт итгэхээ больж, хүн болгоны хувь заяаг Бурхан захирдаг гэдэгт ч итгэхээ больдог. Тэгээд оронд нь Сатаны янз бүрийн тэрс үзэл, төөрөгдөл, гүн ухаан, зарчимд түшиглэн, мөнгийг эрхэмлэж, хоосон нэр алдарт дурлаж, нэр алдар, эд хөрөнгө, байр суурийг хөөцөлддөг. Дээгүүр түвшний материаллаг таашаал олж авахын тулд бид ухаанаа шавхаж, тархиа гашилгаж, ийш тийш гүйн, маш шаргуу ажилладаг бөгөөд бүр өөрсдийнхөө эрүүл мэндээр дэнчин тавьж, ямар ч төлөөсийг төлдөг. Шаргуу ажиллавч мөнгө, нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн төлөөх хүсэл маань ханахгүй байх үед бид түгшиж, ууртай, цухалдуу болж, тэр ч бүү хэл амьдралдаа сэтгэлээр унаж ч болдог. Амьдралд урт удаан хугацаагаар дарлал, шаналал мэдрэх нь бидний бие, сэтгэлийг туйлдуулан, туйлын их шаналал мэдрүүлээд зогсохгүй толгой эргэх, цээж багтрах, мэдрэлийн ядаргаа зэрэг янз бүрийн өвчнөөр бие маань өвчилж, мөн ноцтой тохиолдолд бүр сэтгэл гутрах эмгэг, цусны даралт ихсэлт, зүрхний өвчин ч тусаж болох юм. Сайн сургуульд орж, бусдаас онцгойрохын тулд зарим оюутан сурч боловсроход бүрмөсөн шамдаж, шаргуу суралцахын тулд бүхнээ зориулан, улмаар бага залуу насандаа хүзүүний өвчин тусаж, мэдрэлийн ядаргаанд ордог; тэгээд элсэлтийн шалгалтдаа унахаар зарим нь үүнийгээ тэсвэрлэлгүй өдөр бүр сэтгэл гонсойж, архаг сэтгэл гутралд ордог. Түүнчлэн их мөнгө олж, дээш гарах гэсэн олон хүн байдаг бөгөөд биеийнхээ чадлаас давуулан хэт их ажиллаж, нуруу, хөл, хүзүү, мөр, ходоод, зүрхний асуудалтай болж, тэр ч бүү хэл туйлдаад үхэж ч болдог. Эдгээр нь ердөө цөөн хэдэн жишээ бөгөөд өвчин гэдэг Сатаны бидэнд учруулсан завхрал, хор хөнөөлийн үр дүн, мөн эдгээр нь Бурханыг үгүйсгэн, Бурханаас зайлж, урваж, өөрсдийнхөө шаргуу хөдөлмөрт түшиглэх замаар эд баялаг, нэр алдар, өв хөрөнгө, байр суурь хөөцөлдсөнөөс үүдэлтэй үр дүн гэдгийг бид эндээс харж болно. Иймээс бид хойшид өвдөх үедээ ухаалаг байж, зөв хандлага баримтлах ёстой болохоос Бурханыг буруутгаж, буруугаар ойлгох ёсгүй.

Бурханы тогтоосон амьдралын хуулийг дагаснаар өвчний тохиолдлыг бууруулж болно
  Заримдаа бид хүнд зориулан Бурханы тогтоосон амьдралын хуулийг зөрчсөнөөс үүдэн өвдөж болно. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; … Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн билэг ба амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөнг билгийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс).

  Бурхан тэнгэр, газар дээрх бүх зүйлийг бүтээн, хүн төрөлхтнийг бас бүтээсэн юм. Түүнчлэн хүн төрөлхтөн болон бүх зүйлд зориулж амьдралын хууль, дүрмийг гаргасан билээ. Тухайлбал, өдөрт гурван удаа хооллож, өдрөөр ажиллан шөнөөр амарч, тухайн улиралд нийцүүлэн Бурханы хангадаг хоол хүнсийг идэх ёстой гэх мэтээр Бурхан хүн төрөлхтөнд зааварчилсан байдаг. Хүнд зориулан Бурханы гаргасан амьдралын хуулийг дагаж, Бурханы өдөр болгон бидэнд хайрладаг хоол ундыг эдэлж, газар дэлхий дээр эмх замбараатай амьдарснаар л бид зарим өвчнөөс зайлсхийж, аяндаа эрүүл биетэй болно. Гэвч Сатан биднийг улам бүр завхруулсаар байгаа бөгөөд зүрх сэтгэлд маань Бурханыг гэх орон зай алга байна. Бид бие махбодын хүслээ хангахын тулд Бурханы хүнд зориулан гаргасан амьдралын хуулийг ихэвчлэн зөрчиж, эмх замбараатай амьдралаар амьдардаггүй бөгөөд үүнээс үүдэн бие маань элдэв янзын өвчинд нэрвэгддэг. Жишээлбэл, зарим хүн утсан дээрээ байнга тоглоом тоглодог, эсвэл шөнө дүл болтол юм уу шөнөжингөө гадуур наргидаг бөгөөд замбараагүй амьдрал болон ажил амьдралын хэв маягаасаа үүдэн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, унтаа өвчин, элэг гэмтэх гэх мэт өвчин тусаж, яваандаа янз бүрийн бие махбодын асуудал үүсэж болдог. Зарим хүн бие махбодын таашаалд шунадаг бөгөөд дуршлаа хангахын тулд хүссэн хэмжээгээрээ идэж ууж, улирал нь болоогүй хоол унд, түүхий, хүйтэн, тостой хоол идэж, тэр ч бүү хэл урт удаан хугацаагаар түргэн хоол идсэнээр шим тэжээлийн дутагдалд орж, дархлаа нь муудан, нарийн гэдэсний үрэвсэл, ходоодны өвчин болон зүрх судас, тархины цусан хангамжийн өвчин тусдаг. Зарим нь даралт ихтэй болж, чихрийн шижин тусаж, цусан дахь холестерин нь ихсэн, бүр хорт хавдар ч тусдаг. Ялангуяа дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн энэ эрин үед хүмүүс гэрээсээ ч гаралгүйгээр хэрэгтэй бүхнээ худалдан авч болдог болсон бөгөөд олон хүн хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй. Компьютерын өмнө нэг байрлалд олон цагаар суух нь цусны эргэлтийг удаашруулж, нуруу, хөл, хүзүү, мөрийг хөндүүр, зовуурьтай болгож, ноцтой тохиолдолд хүзүүний өвчтэй болж, эсвэл бүсэлхий нуруунд жийргэвчний ивэрхий үүсдэг. Эдгээр жишээ бол бүгд бидэнд зориулан Бурханы гаргасан амьдралын хуулийг зөрчсөний гашуун үр дагавар юм. Иймээс бид Бурханы гаргасан амьдралын хуулийг даган, тус тусын нөхцөл байдлынхаа дагуу өдөр нь ажиллаж, шөнө нь амрахын тулд ажил, амралтын хэв маягтаа зохих өөрчлөлтийг хийх ёстой бөгөөд дасгал байнга хийж, агаар салхинд улам их гарах ёстой. Хоолны дэглэмийн тухайд гэвэл, амтанд бус шим тэжээлд анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн хэвшмэл, эмх замбараатай амьдрал нь өвчний тохиолдлыг бууруулж чадна.

Бурханы өмнө тайван байж, өөртөө дүн шинжилгээ хийн, Бурханд нүглээ улайж, гэмш
  Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хүн өвчин зовлонг хэрхэн туулах ёстой вэ? Бурханы өмнө очин залбирч, Бурханы санаа зорилгыг мэдрэхээр оролдохын зэрэгцээ ямар гэм бурууг үйлдсэнээ болон ямар завхралаа хараахан шийдвэрлээгүйгээ мөн шинжих хэрэгтэй. Махан бие зовлон туулахгүй байна гэдэг байж болшгүй бөгөөд хүн завхай зайдан байлгүй, үргэлж Бурханы өмнө амьдрах чадвартай байхын тулд зовлонгоор дамжин хатуужих ёстой. Хэрэв хүний зүрх сэтгэл шаналж байвал үргэлж залбиран, Бурханыг ямар нэг байдлаар хилэгнүүлсэн эсэх, эсвэл ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ шинжинэ. Энэ нь тэдэнд ашиг тустай. Асар их зовлонгийн шалгалт хүмүүст нүүрлэж болдог нь санамсаргүй зүйл яавч биш юм” (Бурханы нөхөрлөлөөс). Өвчнийг хэрхэн туулах ёстой тухайд Бурханы үг бидэнд хэрэгжүүлэх замыг харуулдаг. Хэдийгээр зарим өвчин байгалийн жамаар үүсдэг боловч ямар ч шалтгаангүйгээр тохиолддоггүй өөр бусад өвчин бас байдаг бөгөөд Бурхан бидний завхрал, тэрслүү байдлыг цэвэрлэж, өөрчлөх гэсэндээ тэдгээрийг бэлддэг учраас эдгээр өвчний цаана Бурханы сайн санаа зорилго, сайхан хүсэл байдаг билээ. Сатан биднийг маш гүн гүнзгий завхруулж, бид биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй, зальхай, өв мэхтэй, хорон муу, шунахай байх гэх зэрэг сатанлаг зан чанараар дүүрсэн учраас өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Жишээлбэл, бид Бурханы төлөө ажиллаж, номлохдоо байнга онгирдог бөгөөд хэчнээн их зовж, хэр хол явж, хэчнээн их ажил хийсэн тухайгаа гайхуулж, үүнээс үүдэн ах эгч нар биднийг шүтэн, хүндэлж, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх зайгүй болдог. Заримдаа бид нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд худал хэлж, хүмүүсийг хуурахаас өөр аргагүй байдаг бөгөөд үргэлж хүмүүсийн нүүрэн дээр нэг зүйл хэлж, ар хударгаар нь өөр нэг зүйл хэлдэг. Заримдаа хамтран зүтгэгчид маань биднээс дээр номлол хийж, ах эгч нар бүгд тэднийг сонсох хүсэлтэй байгааг хараад бид атаархан хорсож, хэнийг ч өөрсдөөсөө сайн, илүү дээр байхыг хүсэлгүй, тэднийг шүүн, дорд үзэж, гадуурхахдаа тулдаг. Заримдаа зүрх сэтгэл маань ёрын муу чиг хандлагад татагдан, бид мөнгөтэй зууралдаж, материаллаг зүйлсийг эдэлдэг бөгөөд Бурханаас зайлж, үнэнийг эрэлхийлдэггүй. Эдгээр нь ердөө л зах зухын жишээ юм. Бурхан биднийг сэрээж, Өөрийг нь эсэргүүцэж, тэрсэлдгийг болиулах гэж, мөн Сатаны эзэмшил дор хууртагдаж, хорлуулахгүй байлгахын тулд өвчний цэвэршүүлэлтийг ашиглан бидэнд өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө мэдэж, Бурхан руу амжиж эргэх боломж олгодог. Энэ нь Библи дэх: “Учир нь Өөрийнхөө хайрладаг хүнийг Эзэн сахилгажуулдаг.” (Еврей 12:6) хэмээх үгийг яг биелүүлдэг билээ. Иймээс бид өвчин тусах үедээ Бурханы өмнө очин залбирч, Бурханы хүслийг эрж хайж, Бурхантай харилцах харилцаагаа эргэцүүлж, Бурханы хүсэл, шаардлагын эсрэг ямар нэг зүйл хийсэн эсэхээ эргэцүүлэх ёстой. Залбирч, эрж хайн, эргэцүүлэх явцад Бурхан биднийг гэгээрүүлж, залж чиглүүлнэ, ингэснээр бид завхрал, тэрслүү байдлаа тодорхой харахын зэрэгцээ Бурханы зөвт, ариун байдлыг ойлгон, Бурхан нүгэлд амьдарч байгааг маань үзэн ядаж, Өөрийнх нь үгийг хэрэгжүүлэн, хүний төрхийг амьдран харуул хэмээх үгийнх нь дагуу амьдрах үед маань баярладаг гэдгийг ойлгож авдаг. Биднийг аврах гэсэн Бурханы нөр их хөдөлмөрийг бид эндээс ухаарч, зүрх сэтгэл маань Түүнийг хүндлэхээс өөр аргагүй байдаг бөгөөд бид завхарсан зан чанараа улам их үзэн яддаг болж, мөн дараа нь гэмшиж, өөрчлөгдөн, амийг эрэлхийлхээр шийддэг билээ.

  Энэ тухай нэг эгч туршлагаа хуваалцахыг би нэг удаа сонссон юм. Тэр эгч нэг өдөр гэнэтхэн ханиад хүрчээ. 39 хэм хүртэл халуураад, тариа хийлгэж, эм уугаад ч өвчин нь намжсангүй. Тэгээд, “Ханиад минь огт дээрдэхгүй байна. Бурханы хүсэлд нийцэхгүй зүйл хийснээс болсон юм болов уу?” гэж гайхахаас өөр аргагүй байв. Эгч Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очоод, өнгөрсөн хэд хоног дахь нөхцөл байдлаа эргэцүүлжээ. Чуулганы удирдагчийн албыг авснаасаа хойш тэр номлол хийж, зарим ажлыг гүйцэтгэж чадсан төдийгүй ах эгч нарынхаа зарим нэг асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадсан тул өөрийгөө үнэнийг эрэлхийлэхдээ сайн агаад бусдаас дээр хэмээн бодож, өөртөө тун сэтгэл хангалуун байж, өөрийгөө асар их биширсэн байв. Ажилд нь байгаа зарим сул талыг хамтран зүтгэгчид нь хэлж өгөхөд эгч гаднаа хүлээн зөвшөөрсөн мэт царай гаргавч, зүрх сэтгэл нь хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд заримдаа үйлдлээ хамтран зүтгэгчдэдээ зөвтгөхөөр оролддог байжээ. Хамтран зүтгэгчид нь чуулганы ажлын талаар зарим үндэслэлтэй санал хэлэх үед эдгээр нь үнэнтэй нийцтэй эсэхийг бодож тунгаалгүй, харин ч өөрийн үзэл бодолтой зууралдаж, хамтран зүтгэгчдийнхээ санал, бодлоос татгалзжээ. Үүнээс үүдэн тэр эгч Бурханд үйлчлэхдээ хамтран зүтгэгчидтэйгээ эв найртай ажиллаж чадахгүйд хүрч, чуулганы ажилд саад тотгор учруулсан байв. Өөрийгөө эргэцүүлсний дараа тэрээр хэтэрхий биеэ тоосон, их зантай байснаа болон үнэнийг хүлээн зөвшөөрч, захирагдаагүй, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байгаагүй, мөн өөрийнхөө амийг хохироогоод зогсохгүй чуулганы ажилд тээр болж байсан гэдгээ ухаарсан юм. Тэр эгч Сатаны завхралд автсан хүн байснаа ухаарсан бөгөөд Бурханы удирдамж байгаагүй бол ямар ч ажлыг огт хийж чадахгүй байсан гэдгээ мөн ойлгожээ. Эгч жаал жуул ажил хийж, зарим ах эгчийн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадсан нь тэр чигтээ Бурханы ажлын гавьяа байсан бөгөөд суу алдрыг нь хулгайлах гэсэн эгчийн оролдлогод Бурханы ой гутсан байв. Үүний зэрэгцээ, үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрэлхийлж, ах эгч нартай эв найртай хамтран ажиллаж, хүн бүрийн давуу талыг гарган ирж, хүн бүрийг нэг нэгнийх нь давуу талаас суралцуулж, Бурханы өөрсдөд нь даалгасан ажлыг хамтдаа биелүүлэхийг нь Бурхан хүсдэг, учир нь энэ маягаар л чуулганы ажил улам сайн хийгдэх болно гэдгийг тэр эгч ойлгож авчээ. Ийнхүү ойлгосныхоо дараа эгч маш их ичиж, харуусаж, Бурханд даруйхан гэмшиж, нүглээ улайсан юм. Тэгээд Бурханы үгийн дагуу үнэнч хүн байхыг хэрэгжүүлж, өөрийнхөө завхралын тухайд ах эгч нартайгаа маш нээлттэй байх болжээ. Үүний дараагаас тэр эгч чуулганы ажлыг гүйцэтгэж, ах эгч нарынхаа асуудлыг амжилттай шийдвэрлэх үедээ Бурханд талархал, магтаалаа өргөн, алдар сууг Бурханд өргөдөг болжээ. Бурханд үйлчлэхээр хамтран зүтгэгчидтэйгээ цуг ажиллаж байхдаа тэр эгч өөрийгөө ухамсартайгаар үгүйсгэж чаддаг байсан бөгөөд аливаа хамтран зүтгэгчийн санал үнэнтэй нийцтэй, чуулганы ажилд тустай л байвал үргэлж хүлээн зөвшөөрдөг болов. Эгч энэ маягаар хэрэгжүүлж эхлэх үед бие нь сайжирч, нэг л мэдэхэд өвчин нь дээрджээ. Өвчин, шаналлын цэвэршүүлэлт нь хүмүүст маш их ашиг тустай, үнэндээ хүнийг гэх Бурханы жинхэнэ хайр, хамгаалалт гэдгийг эгч энэхүү туршлагынхаа дараа ойлгосон байна. Мөн туршлагынхаа үеэр Бурханы зөвт зан чанарын тухай зарим мэдлэгийг олж авчээ: Завхралд амьдарч, зүг чигээ өөрчлөх ёстойгоо мэдэлгүй байхад нь Бурхан өвчин ашиглан эгчийг сахилгажуулсан бөгөөд зүрх сэтгэлээ тайван болгож, өөрийгөө эргэцүүлэхэд түүнийг хүргэжээ; түүнийг Өөр лүү нь эргэх үед Бурхан завхарсан зан чанарыг нь мэдүүлж, Өөрийн хүслийг ойлгуулахын тулд залж чиглүүлж, гэгээрүүлсэн юм; эгч Бурханд гэмшин, үнэнийг хэрэгжүүлж эхлэх үедээ Ариун Сүнсний ажлыг эдэлж, өвчин нь аажмаар дээрджээ. Бурхан хажууд маань байж, завхралаас биднийг аврахын тулд бодитоор ажиллаж байдгийг тэр эгч ухаарч авсан юм. Түүнчлэн өвчин тусах үедээ бид Бурханд залбирч, Бурханы хүслийг ухаарч, өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө мэдэх замаар үүнээсээ олон сургамж авч болох бөгөөд өвчин бол үнэндээ үнэн рүү орох гойд сайхан боломж юм гэдгийг бас ойлгож авчээ.

Өвчний цэвэршүүлэлтийн үеэр Бурханд итгэж, Түүний төлөө гэрчлэлд зогс
  “Эцэг эх нь удаан хугацаагаар өвдвөл хамгийн ачлалтай хүү ч орхин явдаг”, “Хүний сэтгэлийг цаг хугацаа харуулдаг” гэх зэрэг үг бий. Бид дөнгөж өвдөх үедээ үүнийгээ туулах итгэлтэй хэвээр байдаг; Бурханд залбирч, өөрсдөдөө асуудал байгаа эсэхийг судалж, буруу байдлаа засаж залруулахад анхаарч чаддаг. Гэвч өвчин маань бахь байдгаараа байж, дээрдэхгүй бол Бурханд үндэслэлгүй шаардлага тавьж, тэр ч бүү хэл Бурханыг буруутган, буруугаар ойлгож эхэлдэг. Тэгвэл ийм нөхцөл байдлыг бид хэрхэн туулах ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг, “Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана: тэд Миний нэрийг дуудаж, Би тэднийг сонсоно” (Зехариа 13:9). Бурхан биднийг аврах явцдаа биднийг шалгаж, цэвэршүүлэх элдэв янзын нөхцөл байдлыг бэлдэн, үүгээр бидний завхарсан зан чанар, итгэлийн маань бузрыг ил болгон, ариусгах болно гэдгийг бид Бурханы үгээс ойлгодог. Үүний зэрэгцээ Бурхан Өөрт нь итгэх итгэл, хайрыг маань төгс болгодог. Өвчин бол биднийг цэвэршүүлдэг Бурханы нэг арга зам бөгөөд үүнийг туулангаа бид Бурханд итгэсээр байх ёстой юм. Өвчин маань дээрдсэн ч бай, үгүй ч бай, бид Бурханд үндэслэлгүй шаардлага тавихын оронд бүтээгдсэн зүйлийн байранд үргэлжлүүлэн зогсож, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдан, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой билээ.

  Жишээлбэл, Библид тэмдэглэснээр Иов Бурханы замыг даган, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан юм. Бурхан Иовын итгэлийг сайшаан, Түүний нүдээр Иов бол төгс хүн хэмээн хэлжээ. Гэвч Сатан үүнд үнэмшилгүй, Иовоор Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг хүссэн тул олон удаа Иовыг уруу татаж, биеийг нь хөлөөс толгой хүртэл хөндүүртэй яр хатгинд бариулсан юм. Иов асар их шаналсан боловч Бурханы эсрэг гомдоллохгүй бөгөөд харин “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэв. Иймэрхүү ухаалаг үг хэлж, эцэст нь Бурханд хийх гэрчлэлдээ бат зогссон билээ. Иов өдөр тутмын амьдралдаа Бурханы бүтээсэн бүх зүйлийн дотроос Бурханы төгс хүчин, дээд эрх, мөн хүнийг гэх Бурханы хайрыг мэдэрсэн тул энэхүү шалгалтыг туулж байхдаа нүгэлт үг хэлэхээс зайлсхийж чадсан юм; тэрээр Бурханы зохион байгуулалтад захирагдах ёстой бүтээгдсэн зүйлээс цаашгүй гэдгээ маш сайн мэдэж байлаа. Бие махбодын өвдөлтөөсөө үүдэн асар их тарчилсан боловч тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас үргэлж эмээн, өөрт нь тохиолдож байгаа зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, өвчиндөө баригдахгүй байж чадсан бөгөөд эцэст нь Сатан ичсэндээ зугтсан юм. Иймээс Бурхан Иовыг сайшааж, салхин дунд үзэгдэн Иовтой ярьжээ. Иовын Бурханд итгэх итгэл ийм шалгалтаар дамжин дэвшсэн бөгөөд Иов ийм шалгалтыг нандигнан таашааж, зүрх сэтгэл нь амар амгалан, баяр баяслаар дүүрч байлаа. Зарим өвчин нь Бурханы шалгалт байдаг боловч бид завхарсан зан чанартай учраас эдгээрийг бас Сатаны уруу таталт гэж хэлж болох юм гэдгийг бид Иовын шалгалтаас харж болно. Сатан өвчин ашиглан Бурханд итгэх итгэлийг маань сүйтгэж, биднээр Бурханд гомдоллож, Бурханаас урвуулж, Бурханыг орхиулахыг хүсдэг. Гэвч Бурхан Сатаны зальжин явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг бөгөөд өвчнөөр дамжуулан Өөрт нь итгэх итгэлийг маань төгс болгодог. Хувь заяа маань Бурханы гарт байгаа, Бурхан бидний хэзээ төрөх, хэзээ үхэх, ямар өвчин тусахыг шийддэг гэдэгт бид итгэдэг бөгөөд Бурханд энэ бүхнийг даатгаж, Түүний зохион байгуулалтад захирагдахаар сонгох нь бидний хийж болох хамгийн зөв сонголт юм. Энэ маягаар бид Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадах бөгөөд өвчнөөр хязгаарлагдахаа больж, Бурханыг шүтэн мөргөхийн тулд бүтээгдсэн зүйлийн байранд зогссоор байж чаддаг; мөн Бурханд зохих ёсоор ойртон, үнэнийг зохих ёсоор сайтар эрэлхийлж чаддаг; бид бүтээгдсэн зүйлийн үүргийг тууштай гүйцэтгэн, Бурхан өвчнийг маань эдгээсэн ч бай, үгүй ч бай үүнтэй тайвнаар нүүр тулж чаддаг; насан туршдаа өвчтэй байлаа ч гэсэн бид гомдоллохын оронд Бурханд итгэх, үнэнийг эрэлхийлэхдээ тууштай байж, үүргээ чадах чинээгээрээ биелүүлж чадах бөгөөд бидний амийн өсөлтөд өвчин маань саад болохыг зөвшөөрөхгүй. Энэ бол Бурханы өмнө бидний хийх ёстой гэрчлэл бөгөөд энэ маягаар хэрэгжүүлснээр зүрх сэтгэл маань тайван, амгалан болно.

  Эцэст нь гэвэл, бид өвчин тусах үедээ өөрсдийгөө шинжиж, Бурханы ажлыг туулангаа итгэлдээ түшиглэн үүнийг давж гарахын зэрэгцээ эмнэлгийн тусламж авахаар сонгож болно гэдгийг анхаарах ёстой—энэ тухайд ямар ч дүрэм байдаггүй. Хамгийн чухал нь бид үүнээс үнэнийг олж авч, аминд маань ахиц дэвшил гарч, үр бүтээлтэй байж чадах юм.

  Ах эгч нар аа, энэ дэлхийд амьдрахдаа бид өвчин шаналал, амьдралын гачигдал, гэр бүлийнхээ хавчлага болон ертөнцийн хүмүүсийн гүжирдлэг зэрэг хэзээ ч төсөөлөөгүй зүйлтэйгээ өдөр бүхэн учирна. Христэд итгэгчдийн хувиар бид элдэв янзын шалгалтаас Бурханы хүслийг хэрхэн эрж хайж, ойлгон, сургамж авч, үнэнийг олж авах вэ гэдэг нь бидний эрж хайж, орох ёстой зүйл юм. Дээр нөхөрлөсөн хэрэгжүүлэлтийн дөрвөн зарчим нь өвчний саад тотгорыг давахад чинь тус болно гэж би найдаж байна, мөн ах эгч нар шалгалт болгонд Бурханы хүслийг ойлгож, үнэнийг олж авч, гэрчлэлд зогсож чадаасай гэж үнэхээр хүсэж байна. Бурхан биднийг залж чиглүүлж, ерөөх болтугай. Амен.

No comments:

Post a Comment