Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэлдээ Бурханд хэрхэн үйлчилж, ямар нөхцөлийг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн та нарын үйлчлэлд ямар гажуудал байдаг талаар бид үндсэндээ ярих болно. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудал нь Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан замаар хэрхэн алхах, мөн бүх зүйлийг чинь Бурхан хэрхэн зохицуулдаг талаар хөндөх ба тэдгээр нь та нар дээрх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэлд нийцүүлэн юу хийх хэрэгтэйг ойлгоно. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, тэр ч бүү хэл шинжлэхгүй. Түүнчлэн, та бүхэн үхэн үхтэлээ Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг Бурханд зөвшөөрнө, тэгээд та бүхэн 90-ээд оны Петр болж, загалмай дээр ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 90-ээд оны Петр шиг амьдарч чадна.
Шийдвэр гаргасан хүн бүхэн Бурханд үйлчилж чадна—гэхдээ зөвхөн бүх анхаарлаа Бурханы хүсэлд хандуулж, Бурханы хүслийг ойлгосон хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй бөгөөд шаардлага хангах болно. Олон хүн, Бурханд үйлчлэх нь Бурханы төлөө чин сэтгэлээсээ сайн мэдээг түгээж, Бурханы төлөө явж, Бурханы төлөө зарцуулж, золиослох гэх мэтийг хийх гэсэн үг хэмээн итгэдгийг та нарын туршлагаас харж болно; Бурханд үйлчлэх гэдэг нь гартаа Библи барин, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, наманчлуулж, гэмшүүлэх замаар хүмүүсийг аврах явдал гэдэгт бүр ч олон шашны хүн итгэдэг; шашны олон албан тушаалтан, Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурсны дараа сүмд номлож, Библийн бүлгүүдийг уншсанаар хүмүүст зааж сургах явдал юм гэдэгт итгэдэг; олон ах эгч нар Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэж, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж итгэдэг; мөн ядуу бүс нутагт байдаг хүмүүс Бурханд үйлчлэх гэдэг нь өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөх, эсвэл ах эгч нарын төлөө залбирах буюу тэдэнд үйлчлэх гэж итгэдэг; Бурханд үйлчлэх гэдэг нь Бурханы үгийг ууж идэж, Бурханд өдөр болгон залбирч, хаа сайгүй чуулгануудаар явах явдал гэдэгт итгэдэг хүмүүс та нарын дунд олон байгаа; түүнчлэн чуулганы амьдралаар амьдрах нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэж хэлдэг хүмүүс ч бас байдаг. Гэвч цөөн хүн л Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ ямар утгатайг мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүн Бурханд үйлчилдэг боловч шууд үйлчилж чадах, мөн Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо шалихгүй—өчүүхэн бага. Яагаад Би үүнийг хэлдэг вэ? Та нар “Бурханд үйлчлэх үйлчлэл” гэдэг үг хэллэгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүсэлд яаж үйлчлэх талаар маш бага ойлгодог учраас Би үүнийг хэлж байгаа юм. Өнөөдөр, Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэх, Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлчлэх талаар бид үндсэндээ ярьж байна.
Хэрвээ та нар Бурханы хүсэлд үйлчлэхийг хүсэж байгаа бол эхлээд ямар төрлийн хүмүүсийг Бурхан хайрладгийг, ямар төрлийн хүмүүсийг Бурхан жигшдэгийг, ямар төрлийн хүмүүсийг Бурхан төгс болгодгийг, мөн ямар төрлийн хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Цаашлаад, та нар Бурханы ажлын зорилтуудыг мэдэж, одоо энд хийх гэж байгаа Бурханы ажлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгосны дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг эхлээд хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгэнд үндэслэн үнэхээр туршлагажсан үедээ, мөн Бурханы ажлыг үнэхээр мэдсэн үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Түүнд үйлчлэх үед чинь Бурхан та нарын сүнслэг нүдийг гэгээрүүлж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, үүнийг илүү тодорхойгоор харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед чиний туршлага илүү гүнзгий, бодит болох ба ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг хангах чадвартай болно, бусдын давуу талаар өөрсдийн сул талыг нөхөж, сүнсэндээ илүү их мэдлэгийг олж авна. Зөвхөн энэ үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулна.
Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханаар хайрлуулах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх чадвартай байх ёстой. Чи хүмүүсийн ард эсвэл урд нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг ба Бурханы өмнө бат зогсож, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чадна. Зөвхөн энэ хүн л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд хожим юу ч олж авахгүй байсан ч хайрын сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол бас Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; зөвхөн Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний санаа зовнилыг болоод Түүний хэрэгцээг хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөж, сул дорой байсан ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг ба Бурханы хийх зүйлс энэ хүмүүсээр дамжин илэрхийлэгддэг. Иймээс эдгээр хүмүүсийг Бурхан хайрладаг, тэд бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг Бурханд үйлчилдэг хүмүүс бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж захирч чаддаг. Чи жинхэнээсээ Бурханы ойр дотнын хүн болох яг тэр үедээ Бурхантай хамт хаанчилж захирах болно.
Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, бодолгүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр мөн Бурханы ойр дотнын хүн—Бурхан Өөрөө байсан, энэ нь та бүхний маш сайн ойлгодог зүйл. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирдаг, тэнгэрлэг Эцгийн хүслийг эрэлхийлдэг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Миний санааны дагуу үйлдэлгүй харин Та Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд, Есүс шаналлыг мэдэрч, яг л Түүний зүрх сэтгэлийг хутга сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгнээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн нэгэн адил болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, мөн Үхэгсдийн орны дөнгийг давсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэр гучин гурван жил амьдарсан, энэ хугацаандаа Тэрээр тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байлаа. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа, Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал ажлыг дуусгах эрхтэй, мөн шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, Сатанд тоо томшгүй олон удаа соригдсон, гэсэн ч Тэр хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэсэн, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн биечлэн хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан ба энэ нь Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах Өөрийн ажлыг Бурхан гүйцээсний нэг хэсэг нь байлаа.
Хэрэв та нар Есүстэй адилаар Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж, махан биеэсээ татгалзах чадвартай бол, Бурхан Өөрийн чухал даалгаврыг та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Зөвхөн ийм нөхцөл байдалд та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаварыг гүйцэтгэж байна гэж хэлж зүрхэлнэ, зөвхөн тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал чи өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханд үйлчлэх ийм үйлчлэлийг ойлгохгүй бол өөрийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл Түүний эсрэг доромжлол үйлдэж байгаа биш гэж үү? Энэ тухай бод: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг боловч Бурханд үйлчилдэг гэж зөрүүдлэн хэлж байна—ингэснээрээ чи Бурханыг доромжилж байгаа юм биш үү? Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө хэвийн чиг үүргийг чуулганд биелүүлдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг—энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ чи зөв сэдэлтэй атлаа Бурханы хүсэлд үйлчлэх чадваргүй бол чи мулгуу байна; харин сэдэл чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгэгдэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж хуйвалдаж ах эгч нарыг хуурдаг ба яг л усан үзмийн тариаланг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг усан үзмийн талбай дахь үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы ойр дотны хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирох уу? Чи өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгаж зүрхлэх үү? Чи аливаа зүйлсийг саатуулж байгаа биш үү?
Би ингэж хэлж байгаагийн учир нь Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд ямар нөхцөлүүдийг биелүүлэх ёстойг та нарт мэдүүлэхийн тулд юм. Хэрвээ та нар Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, яг л Есүс шиг Бурханы хүсэлд бүх анхаарлаа хандуулдаггүй бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж байж болох юм—гэхдээ Бурхан чамайг анхааралдаа авах болно. Товчоор хэлбэл, өөр бусдаас үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал өршөөлгүй хахир хатуу шүүлт чам дээр ирэх болно. Та нар зүгээр л хоёргүй үнэнч зангаар Бурханд эхлээд зүрх сэтгэлээ өгч, Түүнд үйлчлэх зөв зам руу орсон явдлаа ашиглах нь зүйтэй. Бурханы өмнө, эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран чиний зүрх сэтгэл үргэлж Бурхантай нүүр тулж байх ёстой ба чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Ийм маягаар Бурхан чамайг төгс болгоно, ингэснээр чи Түүний зүрх сэтгэлийн төлөө явдаг, Бурханд үйлчилдэг хүн болно. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол, мөн чиний үйлчлэл Түүний хүсэлтэй нийцэж байхыг хүсэж байгаа бол Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх ойлголтуудаа өөрчилж, Бурханд үйлчилж байсан хуучин арга замаа өөрчлөх ёстой, ингэснээр чи илүү ихээр Бурханаар төгс болгуулна; ийм байдлаар Бурхан чамайг орхихгүй, мөн чи яг л Петр шиг, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөлтэй тулгарах болно. Үүнийг Бурханд итгэдэг бүх хүн ойлгох ёстой.