Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/07/2018

Төгс Хүчит Бурханы айлдвар | “Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг” | Уран уншлага


Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?
Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Бурханы мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг олж авч чадахгүй байх байсан. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хэчнээн сайн байсан ч хамаагүй энэ нь нэмэргүй, учир нь Бурханы бодол санаа үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүсг мунхаг гэж Би хэлдэг, тэд бүгд биеэ тоосон, мэдлэггүй байдаг. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол шоргоолжноос ч өчүүхэн байж, хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Цаг ямагт “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” гэцгээдэг хүмүүс—бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүсийг бүгдийг нь Сатан ялзруулсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажилд зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, Бурхантай ч эн тэнцэхгүй. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас Бурханыг бодолцож үзэг гэж Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхийн тулд ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэгэх нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүний таалалд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай таарамжтай байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?
Өнөөдөр Бурханд шинэ ажил байна. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад, тэдгээр нь сонин санагдаж магад боловч өөрийн төрөлхийн чанарыг бүү илчил гэж чамд Би зөвлөе, учир нь Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэнч хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, удирдаж чадна. Хэрүүл маргаанаар дамжуулан үнэнийг эрж хайснаар юунд ч хүрэхгүй. Тайван эрж хайснаар л бид үр дүнд хүрч чадна. “Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирснийг хэлж байгаа юм. Чи энэ үгийг тоодоггүй, үзэн яддаг, эсвэл ихэд сонирхдог байж магадгүй. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн энэ баримттай нүүр тулж, няхуур бодолцон үзэж чадна гэж Би найдаж байна. Яаран дүгнэлт гаргаагүй нь дээр. Энэ бол Ухаалаг хүмүүсийн хийх ёстой зүйл юм.
Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; цаашилбал, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч сэжүүр өгч чадаагүй биш үү? Эртний Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд ердөө Түүний гадаад дүр төрхийг л харж, Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн Фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцож, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүсийг үүлэн дээр эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага энэ билээ. Бид сүнсэн нүдээ арчиж, хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгэнд урхидуулахгүй байх ёстой. Бид Бурханы практик ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авах гэж та нарын дунд гэнэт цагаан үүлэн дээр бууж ирэх тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!
Чи судлах зорилгоор эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар энэ номыг нээсэн байж болох юм; хандлага чинь ямар ч байлаа гэсэн чи үүнийг дуустал нь уншиж, амархан хойш тавихгүй гэдэгт Би найдаж байна. Магадгүй, эдгээр үгийг уншсаны дараа хандлага чинь өөрчлөгдөнө, гэхдээ энэ нь, хэр их урам зоригтойгоос чинь, аливааг зүрх сэтгэлдээ хэр амархан хүлээж авдгаас чинь хамаарна. Гэвч, чиний мэдэх ёстой нэг зүйл бий: хүний үгийг Бурханы үг мэтээр ярьж болохгүй, Бурханы үгийг хүний үг мэтээр ярьж бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөлгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг замчилж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед өмнөх чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг төдий. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи, хэзээ ч зөвийг буруу болгож, өндрийг нам гэж ярьж, гүн гүнзгийг өнгөц мэт ярих ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэж мэддэг зүйлийг хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэж, Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой—тэгэхгүй бол Бурхан таягдан хаях болно.
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан юм. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн төлөөх ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн төлөө Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л байсан, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ удаад бие махбод болсон нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод бололт дангаараа тохиодоггүй, харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.
Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн ялзармал зан чанараас хэзээ ч салж чадахгүй. Хэрвээ хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг атлаа Бурханыг мэдэж, Бурханы таалалд нийцэх боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй бол хэдий Түүнд итгэдэг ч, хэзээ ч Түүнийг үнэхээр олж авч чадахгүй. Тэр нь ямар өрөвдөлтэй итгэл вэ. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг үнэлж, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдрэх болно. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах гэж юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж, эсвэл үгүйсгэвэл гар хоосон үлдэж, юуг ч олж авалгүй, эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн Хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаад махбод болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгож байна. Энэ царай нь Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл байх болно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлх зан чанарын илэрхийллийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг мэдэрсэн бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үг бүрэн илэрхийлж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12-16). Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь үнэхээр хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан юм гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх болно. Тэгээд чи хичнээн ерөөлтэй болохоо үнэхээр ухамсарлаж, өөрсдийгөө хамгийн хувьтай нь гэдгийг мэдрэх болно. Чи энэхүү ерөөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй гэж үү?
Энэ номын эхний хэсэг нь чуулгануудад хэлсэн Сүнсний үг юм. Эдгээр үг Нигүүлслийн эрин үеийн төгсгөлөөс Хаанчлалын эрин үеийн эхлэл дэх шилжилтийг төлөөлдөг бөгөөд хүний Хүүгийн тухай чуулгануудад хийсэн Сүнсний ил тод гэрчлэл юм. Түүнчлэн “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” гэх Илчлэлийн үгийн биелэл энэ билээ. Энэ бол Хаанчлалын эрин үед Бурханы эхэлсэн ажил юм. Номны хоёрдугаар хэсэг нь, албан ёсоор Өөрийгөө илчилсний дараа хүний Хүүгийн биечлэн хэлсэн үг юм. Үүнд зөгнөл, нууцуудын илчлэл, амийн зам гэх мэт хэд хэдэн төрлийн үг, айлдварын баялаг агуулга багтдаг. Хаанчлалын ирээдүйн тухай зөгнөл, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцын илчлэл, хүний угийн чанарын дүн шинжилгээ, сургамж ба анхааруулга, хатуу ширүүн шүүлт, тайтгарал авчрах чин сэтгэлийн үгс, амьдралын тухай яриа, оролтын тухай яриа гэх мэт бий. Товчхондоо, Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Бурханы зан чанар нь бүгд Түүний ажил болон үгээр илэрхийлэгддэг. Мэдээж, Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм. Чи шинэ эрин үед орохыг хүсдэг үү? Ялзармал зан чанараасаа ангижрахыг хүсэж байна уу? Чи илүү өндөр үнэнийг олж авахыг хүсэж байна уу? Чи хүний Хүүгийн жинхэнэ царайг харахыг хүсэж байна уу? Чи үнэ цэнтэй амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Тэгвэл Есүсийн эргэн ирэлтийг чи хэрхэн угтан авах вэ?
Тайлбар:
a. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.

No comments:

Post a Comment