Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—өөрөөр хэлбэл гэрэл юм. Энэ нь маш чухал. Чи хурц гэрэл рүү харж, тухайн гэрлийн хурц тусгал тодорхой түвшинд хүрэх үед чиний нүд сохрох болно. Ямартай ч хүний нүд бол махан биеийн нүд. Тэд гэмтлээс хамгаалагдсан биш. Хэн нэгэн нар луу шууд ширтэж зүрхлэх үү? (Үгүй.) Хэн нэгэн үүнийг оролдож үзсэн үү? Зарим хүмүүс оролдож үзсэн байдаг. Чи нарны шилтэй бол харж чадна, тийм үү? Үүнд зарим нэг хэрэгслийн тусламж хэрэгтэй. Хүн ямар нэгэн хэрэгсэлгүйгээр, энгийн нүдээр нар луу шууд эгцэлж харж чадахгүй. Хүмүүст ийм чадвар байхгүй. Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрахын тулд нарыг бүтээсэн, гэхдээ Тэр бас энэ гэрлийг удирдсан. Бурхан гэрлийг бүтээснийхээ дараа үүнийг зүгээр нэг орхиж, үл тоосон юм биш. “Хүний нүд үүнийг тэсвэрлэж чадах үгүй нь хэнд хамаатай юм!” Бурхан иймэрхүү байдлаар ханддаггүй. Тэрээр аливаа зүйлсийг маш нарийн хийдэг ба бүхий л талуудыг нь харгалзан үздэг. Бурхан хүн төрөлхтөнд харах нүд заяасан боловч тэдний харж чадах гэрлийн тодорхой хэмжээг бас бэлтгэсэн юм. Хэрвээ хангалттай гэрэл байхгүй бол энэ нь хэрэггүй. Хэрвээ хүмүүс урагш сунгасан гараа ч харж чадахааргүй маш харанхуй бол тэдний нүд өөрсдийн чиг үүргээ алдаж хэрэгцээгүй зүйл болж хувирна. Хүмүүсийн нүд хэтэрхий хурц гэрэлтэй газруудыг тэвчиж чадахгүй бөгөөд бас юу ч харж чадахгүй байх болно. Иймээс Бурхан хүн төрөлхтний амьдарч буй орчинд хүний нүдэнд тохиромжтой хэмжээний гэрлийг өгсөн. Энэ гэрэл нь хүмүүсийн нүдийг өвтгөж, гэмтээхгүй. Цаашлаад энэ нь хүмүүсийн нүдний үүргийг алдагдуулахгүй ба хүмүүсийн нүд харах ёстой зүйлсээ бүгдийг нь маш тод харах баталгааг өгдөг. Ийм учраас л Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд зохих хэмжээний үүлийг нэмсэн ба мөн хүмүүсийн нүд эсвэл арьсыг гэмтээхээс сэргийлэн агаарын нягтшил нь гэрлийг шүүж байдаг. Энэ нь харилцан уялдаатай. Цаашилбал, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нь мөн нарны гэрэл болон бүх төрлийн гэрлийг ойлгодог бөгөөд хүний нүдийг тухгүй болгодог гэрлийн хурц тусгалыг арилгаж байдаг. Ингэснээр хүмүүс гадуур явж амьдрал ахуйгаа үргэлжлүүлэхдээ байнга хар нарны шил зүүх шаардлагагүй болж байгаа юм. Энгийн нөхцөлд хүний нүд гэрлийн саадгүйгээр өөрсдийн харааныхаа хүрээнд аливаа зүйлсийг харж чадна. Өөрөөр хэлбэл энэ гэрэл нь хэт тод эсвэл хэт бүдэг байж болохгүй: Хэрвээ энэ нь хэт бүдэг байвал удалгүй хүний нүд гэмтэж, чиг үүргээ алдах ба тэд харж чадахаа болино; хэрвээ энэ нь хэт тод байвал хүмүүсийн нүд үүнийг тэвчиж чадахгүй бөгөөд 30-40 нас эсвэл 40-50 насандаа тэдний нүд ажиллагаагүй болох болно. Өөрөөр хэлбэл энэ гэрэл нь хүний нүдэнд тохиромжтой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хохирлыг Бурхан хэд хэдэн аргаар дамжуулан багасгажээ. Гэрэл хүний нүдэнд тустай эсвэл халгаатай байхаас үл хамааран тэд амьдралынхаа эцэс хүртэл нүдээрээ харж байхад л хангалттай. Тийм үү? (Тийм.) Бурхан үүнийг маш сайтар бодоогүй гэж үү? Харин Сатан буюу диавол аливааг хийхдээ хэзээ ч эдгээрийг хайхардаггүй. Энэ нь, хүмүүст аюул занал учруулах эсэхийг ерөөсөө ч хайхардаггүй. Тэр байгаль экологийн орчинд асар их хор хөнөөл учруулсан ба үүний заримыг хүмүүс одоо бэлхнээ харж байна. Гэрэл хэт хурц эсвэл хэт бүдэг ч бай—тэрээр хүн төрөлхтний мэдрэмжийг огтхон ч хайхардаггүй.
Гэтэл Бурхан харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх гээд хүний биеийн бүх талд тааруулан хүн төрөлхтний дасан зохицох чадварыг дээд цэгт хүргэж, хэвийн үргэлжлүүлэн амьдруулах бүх зүйлийг хийдэг. Бурханы бүтээсэн одоогийн ийм амьдрах орчин нь хүн төрөлхтний оршин тогтнолд хамгийн зохимжтой, үр ашигтай амьдрах орчин юм. Зарим хүмүүс энэ нь тийм ч их юм биш, бүхэлдээ маш энгийн гэж бодож болох юм. Дуу чимээ, гэрэл, агаар нь хүмүүсийн төрөхдөө л мэдэрсэн зүйл, төрсөн мөчөөсөө л тэдний эдэлсэн зүйл. Гэхдээ тэдний эдэлж байгаа эдгээр зүйлийн ард тэдний мэдэх, ойлгох хэрэгтэй юуг Бурхан хийсэн бэ? Ойлгох эсвэл мэдэх хэрэгтэй гэж чамд санагдаж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо Бурхан эдгээр зүйлийг бүтээх үед Түүнд нарийн бодсон зүйл, төлөвлөгөө, тодорхой санаа байсан. Тэр хүн төрөлхтнийг зүгээр л, санаандгүй, бодож үзэлгүйгээр ийм амьдрах орчинд тавьчихаагүй. Та нар Миний ярьсан эдгээр зүйл нэг бүрийг том асуудал биш гэж бодож болох юм, гэхдээ Миний үзэл бодлоор Бурханы хүн төрөлхтөнд өгсөн зүйл тус бүр нь хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай юм. Энд Бурханы үйлдэл байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
Анхны өгүүлэл линк:
No comments:
Post a Comment