Эзэн Есүс Христийн өөр хэдэн зуун сая дагагчийн адил бид Библийн хууль болоод тушаалуудыг даган мөрдөж, Эзэн Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг эдэлж, Эзэн Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—бидний хийдэг энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүх үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид бас тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн алдар суутай ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаанчлал гарч ирэхийг мөн бүх зүйл Илчлэлийн номонд зөгнөсөн шиг байхыг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайныг шагнаж, хорон мууг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг угтан авсан бүх хүнийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргана. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Эцсийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчлага туулсан ч, үүний хариу нь “хэмжээлшгүй их алдрын мөнхийн жин” байдаг; энэ ямар гайхалтай ерөөл гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж, илүү олон удаа биднийг цуглуулдаг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, өргөгдөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ. Энэхүү өдрийн төлөө бид золиосыг үл хайхран бүх зүйлээ зориулсан билээ. Зарим нь өөрсдийн ажлыг хаясан, зарим нь гэр бүлийнхнээ орхисон, зарим нь гэрлэлтээс татгалзсан ба зарим нь өөрсдийн бүх хадгаламжийг хандивласан. Ямар амь бие хайргүй зориулалт вэ! Тийм чин сэтгэл, үнэнч зан нь өнгөрсөн үеийн ариун хүмүүсийнхээс ч хамаагүй илүү байх учиртай! Эзэн хүссэн хүн бүхэндээ нигүүлсэл хайрлаж, Өөрийн хүссэн бүхэнд өршөөл үзүүлэх үед, бидний зориулалт ба зарцуулалт аль хэдийн Түүний нүдэнд харагдсан гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин сэтгэлийн залбирал ч гэсэн Түүний чихэнд аль хэдийн хүрсэн ба зориулалтын минь төлөө Эзэн биднийг шагнах болно гэж бид итгэдэг. Цаашлаад, энэ дэлхийг бүтээхээсээ өмнө Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандсан ба бидэнд өгсөн Бурханы ерөөл болон амлалтуудыг хэн ч булаан авч чадахгүй. Бид бүгдээрээ ирээдүйг төлөвлөж байгаа бөгөөд Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөхийн тулд наймаалцах хөрөнгө бол бидний зориулалт ба зарцуулалт гэж итгэлтэйгээр үздэг. Цаашилбал, өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр бид өөрсдийгөө ирээдүйн сэнтийд тавьж, бүх улс үндэстэн болоод бүх ард түмнийг удирдах буюу хаан болон захирдаг. Энэ бүхэн нь бидний хүлээх ёстой бодит зүйлс гэж бид итгэлтэйгээр үздэг.
Эзэн Есүсийн эсрэг байгаа хүн бүхнийг бид жигшдэг; эцэстээ тэд бүгдээрээ устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт бүү итгэ гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Мэдээж, Эзэн Есүсээс суралцаж, энэ дэлхийн хүмүүст өрөвч сэтгэлээр хандах үе бидэнд байдаг ба тэд ойлгодоггүй учраас бид тэвчээртэй байж, тэднийг уучилж өршөөх ёстой. Бидний хийж байгаа бүхэн Библийн үгийн дагуу байдаг, Библийг даган мөрддөггүй бүхэн тэрс үзэл бөгөөд ёрын муу гаж урсгал юм. Ийм итгэл нь бид бүхний оюун санаанд гүн гүнзгий шингэсэн байдаг. Бидний Эзэн Библид байдаг ба хэрвээ бид Библиэс холдон явахгүй л бол Эзэнээс холдохгүй; хэрвээ бид энэхүү зарчмыг мөрдвөл аврагдах болно. Бид бие биеэ урамшуулан зоригжуулж, бие биеэ дэмждэг ба цуглах болгондоо бид, хэлж байгаа, хийж байгаа бүхэн маань Эзэний хүслийн дагуу байж, Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж найддаг. Хэдийгээр үрээлэн байгаа орчин нөхцөл маань хатуу ширүүн боловч бидний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрдэг. Ийм амархан хүрч болох ерөөлийн тухай бодох үед, орхин хаяж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү? Салж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү? Энэ бүхнийг хэлэхийн ч хэрэггүй бөгөөд энэ бүхнийг Бурханы нүд харж байдаг. Балиар заваан зүйл дундаас өргөгдсөн ядарч зүдэрсэн цөөхөн бид бол Эзэн Есүсийн бүх энгийн дагагчтай адил: Бид өргөгдөхийг, ерөөгдөхийг мөн улс үндэстнүүдийг захирахыг мөрөөддөг. Бидний завхрал Бурханы нүдэнд ив илхэн харагдах ба бидний хүсэл, шунал Бурханы нүдээр яллагддаг. Гэсэн ч энэ бүхэн огтхон ч тэр гэх тэмдэггүй, маш илэрхий тохиолдох ба бидний хүсэл эрмэлзэл зөв үү гэдгийг бидний хэн ч бодохгүй, тэр ч байтугай өөрсдийн даган мөрдөж байгаа зүйлсийн үнэн зөвд эргэлздэггүй. Бурханы хүслийг хэн мэдэх вэ? Хүний алхдаг замын талаар бид эрж хайж, судлан шинжилж, тэр ч байтугай анхаарахаа мэддэггүй. Бид өргөгдөх болов уу, бид ерөөгдөх болов уу, тэнгэрийн хаанчлалд бидэнд зориулсан зай байх болов уу, бид амийн голын уснаас, амийн модны жимснээс хүртэж чадах болов уу гэдэг талаар л бид анхаардаг. Бид Эзэнд итгэж, Эзэний дагагчид байдаг нь эдгээр зүйлийг олж авахын төлөө биш үү? Бидний нүгэл уучлагдсан, бид гэмшсэн, бид аягатай гашуун дарсыг уусан ба нуруундаа загалмай үүрсэн. Бидний төлсөн төлөөсийг Эзэн хүлээн зөвшөөрөхгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Биднийг хангалттай тос бэлдээгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид тэдгээр мунхаг охидын нэг, эсвэл хаягддаг хүмүүсийн нэг байхыг хүсэхгүй байна. Түүнчлэн, Библид “Ямар нэгэн хүн та нарт Хараач, Христ энд байна, эсвэл Тэр тэнд байна гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, тэмдэг, гайхамшиг үзүүлнэ; ингэснээр тэд боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхлэх болно” (Матай 24:23-24) гэж байдаг учраас хуурамч Христүүдэд хууртахаас биднийг хамгаалахыг Эзэнээс гуйн бид олон удаа залбирдаг. Бид бүгдээрээ Библийн энэ эшлэлийг цээжилсэн, үүнийг хаанаас нь ч хэлсэн мэднэ, мөн бид үүнийг амь,үнэ цэнэтэй баялаг гэж үздэг ба аврагдаж, өргөгдөхөд маань зориулсан баримт хэмээн үздэг…
Мянга мянган жилийн туршид, амьдарч байсан хүмүүс насан эцэслэж, хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө өөрсөдтэйгээ хамт авч одсон ба тэд тэнгэрийн хаанчлалд орсон эсэхийг хэн ч үнэндээ мэдэхгүй. Үхсэн хүмүүс эргэн ирдэг ч өмнө нь тохиолдож байсан бүх зүйлийг мартсан байдаг бөгөөд өвөг дээдсийнхээ сургаал болон замыг дагасаар л байдаг. Иймээс он жилүүд урсаж, өдөр хоног өнгөрөхийн хэрээр бидний Эзэн Есүс, бидний Бурхан, хийж байгаа бүхнийг маань үнэхээр хүлээн зөвшөөрөх үү гэдгийг хэн ч мэддэггүй. Бид зүгээр л үр дүнг хардаг ба тохиолдож болох бүхнийг таамаглан боддог. Гэсэн ч бүхий л үеийн туршид Бурхан чимээгүй байсан бөгөөд хэзээ ч бидэнд харагдаж, бидэнтэй яриагүй. Иймээс бид Бурханы хүсэл, зан чанарыг Библи болон тэмдгүүдийн дагуу дураараа шүүдэг. Бид Бурханы чимээгүй байдалд дасчихсан; бид өөрсдийнхөө үзэл бодлоор зан төлвийнхөө зөв, бурууг хэмжээд сурчихсан; өөрсдийн мэдлэг, үзэл болон ёс суртахууны ёс зүйг Бурханы шаардлагын оронд тавиад дасчихсан; Бурханы нигүүлслийг эдлээд сурчихсан; хэрэгтэй үед маань Бурхан тусламж үзүүлдэгт дасчихсан; бүх зүйлийг авахын тулд бид Бурханд гараа сарвайн, Бурханыг захираад дасчихсан; Ариун Сүнс биднийг хэрхэн удирдан чиглүүлж байгааг анхааралгүйгээр сургаал номлолыг дагаад сурчихсан; цаашлаад, бид өөрөө өөрсдийнхөө эзэн нь байдаг өдрүүдэд дасчихсан байна. Бид өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй Бурханд ингэж л итгэдэг. Түүний зан чанар ямар вэ, Түүний эзэмшил болон оршихуй нь ямар вэ, Түүний дүр төрх ямар вэ, Түүнийг ирэх үед бид мэдэх үү, үгүй юу гэх мэтийн асуултуудын аль нь ч чухал биш. Юу чухал вэ гэхээр Тэр бидний зүрх сэтгэлд байдаг, бид бүгдээрээ Түүнийг хүлээдэг ба Тэр ямар болохыг бид төсөөлж чаддаг. Бид итгэлээ үнэлж, сүнслэг байдлаа эрхэмлэдэг. Бид бүх зүйлийг баас ялгадас гэж үздэг бөгөөд хөл дор байгаа бүхнээ гишгэлдэг. Учир нь бид бол суу алдарт Эзэнийг дагагчид, аян маань хэчнээн урт, хэцүү бэрх байсан ч, бидэнд хэчнээн их аюул осол, зовлон зүдгүүр учирлаа ч гэсэн Эзэнийг дагах бидний алхааг юу ч зогсоож чадахгүй. “Болор шиг тунгалаг амийн усны цэвэр гол Бурханы болон Хурганы Сэнтийгээс гарч байлаа. Голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн төлөө байв. Тэнд ямар ч хараал байхаа болино: харин Бурханы болон Хурганы сэнтий байх бөгөөд зарц нар нь Түүнд үйлчилнэ: тэд Түүний царайг харна; Түүний нэр тэдний духан дээр байх болно. Мөн тэнд ямар ч шөнө байхаа болино; дэн бас нарны гэрэл ч тэдэнд хэрэггүй. Учир нь Эзэн Бурхан тэдэнд гэрэл гэгээ өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно” (Илчлэл 22:1-5). Эдгээр үгийг дуулах бүрд, зүрх сэтгэл минь баяр баясгалан, сэтгэл ханамжаар бялхаж, бидний нүднээс нулимс урсан гардаг. Биднийг сонгосонд Эзэнд талархъя, Эзэний нигүүлсэлд талархъя. Энэ үед Тэр бидэнд зуу дахин ихийг өгсөн, ирэх үед бидэнд мөнх амийг өгөх ба хэрвээ Тэр биднийг одоо үх гэвэл бид өчүүхэн төдий ч гомдолгүйгээр үүнийг хийх болно. Эзэн минь! Хурдан ирээрэй! Бид Таныг цөхрөлтгүйгээр хүсэн хүлээж, Таны төлөө бүх зүйлийг орхисон учраас нэг ч минут бүү хойшлуулаарай.
Бурхан чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг. Энэ нь анхаарал татахуйц үр нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларсны дараахнаар Түүний сэнтий бидний дунд бууж ирсэн. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирдэг. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. Хэн ч Түүний ирэхийг мэдэхгүй, хэн ч Түүнийг ирэхэд угтан авахгүй, цаашлаад Түүний юу хийхийг хэн ч мэдэхгүй. Хүний амьдрал өөрчлөгдөлгүй хэвээр үлдэнэ; түүний зүрх сэтгэл ямар ч ялгаагүй ба өдөр хоногууд өмнөх шигээ л өнгөрдөг. Бурхан бидний дунд энгийн хүн шиг, хамгийн өчүүхэн дагагч шиг, энгийн итгэгч шиг амьдардаг. Түүнд Өөрийн гэсэн эрэл хайгуул, Өөрийн гэсэн зорилго байдаг ба цаашлаад энгийн хүний эзэмшиж чадахгүй бурханлаг чанар Түүнд байдаг. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар болон хүний мөн чанарын хоорондох ялгааг хэн ч ухамсарлаагүй. Бид Түүнийг өчүүхэн итгэгч гэдгээс өөрөөр хардаггүй учраас айж эмээлгүйгээр, тайвнаар Түүнтэй хамт амьдардаг. Тэр бидний хөдөлгөөн бүрийг хардаг ба бидний бүхий л бодол, санаа Түүний өмнө ив илхэн байдаг. Хэн ч Түүний оршин тогтнолыг сонирхдоггүй, Түүний үйл ажиллагааны талаар хэнд ч ямар ч төсөөлөл байдаггүй, мөн түүнчлэн Тэр хэн бэ гэдэг талаар хэнд ч, ямар ч сэжиг байдаггүй. Тэр бидэнд огт хамаагүй юм шиг, бид ердөө л өөрсдийн эрэл хайгуулыг үргэлжлүүлдэг…
Тохиолдлоор Ариун Сүнс, Түүгээр “дамжуулан” үгээ илэрхийлдэг ба энэ нь маш гэнэтийн мэт санагддаг ч бид энэ бол Бурханы айлдвар гэдгийг танин мэдэж, үүнийг Бурханаас амархан хүлээн авдаг. Учир нь, эдгээр үгийг хэн илэрхийлэхээс үл хамааран, тэдгээр нь Ариун Сүнснээс ирж байх л юм бол бид тэдгээрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба үгүйсгэж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр дамжиж болно. Хэн байхаас үл хамаараад, энэ бүхэн Бурханы нигүүлсэл юм. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, бид тэднийг тахин шүтэх ёсгүй, юу ч болж байсан тэд Бурхан байх учиргүй; яаж ч байсан бид ийм энгийн хүнийг өөрсдийн Бурхан болгон сонгож болохгүй. Бидний Бурхан бол маш агуу агаад эрхэмсэг; тийм шалихгүй хүнээр Түүнийг хэрхэн төлөөлүүлж болох юм бэ? Үүнээс гадна, биднийг тэнгэрийн хаанчлалд буцаан аваачих Бурханыг бид бүгдээрээ хүлээж байгаа, тэгвэл ийм өчүүхэн нэгэн хэрхэн тийм чухал, хэцүү бэрх үүргийг биелүүлж чадах юм бэ? Хэрвээ Эзэн дахин ирвэл цагаан үүлэн дээр сууж ирэх ба бүх хүнд үзэгдэх ёстой. Тэр нь хэчнээн гайхамшигтай байх билээ дээ! Тэр хэрхэн жирийн хүмүүс дунд чимээгүй нуугдаж чадах билээ?
Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч ойлгомжтой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийдэг. Түүний үг болон айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлдэг бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, шившигтэй байдалд оруулдаг. Энэ хүний зүрх сэтгэлд байгаа Бурхан үнэхээр бидэнд хайртай эсэх, Тэр яг юу хийх гээд байгаа талаар бид гайхаж эхэлдэг. Магадгүй бид тэрхүү зовлон шаналалыг давж туулсны дараа л өргөгдөх юм болов уу? Зүрх сэтгэлдээ бид… ирж буй хүрэх газрынхаа тухай мөн ирээдүйн хувь заяаныхаа талаар тооцоолсоор байдаг. Гэхдээ л Бурхан махбодыг авч, бидний дунд ажиллаж байгаа гэдэгт бидний хэн ч итгэдэггүй. Тэр хэдийгээр бидэнтэй хамт маш удаан байсаар ирсэн ч, хэдий Тэр маш олон үгийг бидэнтэй нүүр тулан ярьсан ч, бид өөрсдийн ирээдүй, хувь заяаг тийм өчүүхэн хүнд даатгах нь битгий хэл, тийм энгийн хүнийг бидний ирээдүйн Бурхан хэмээн хүлээн авахад ч бэлэн биш байгаа. Түүнээс бид амийн усны дуусашгүй хангалтыг хүртэж, Түүний ачаар бид Бурхантай нүүр нүүрээ харан амьдарч байгаа. Бид зөвхөн тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд талархдаг ба бурханлаг чанарыг эзэмшсэн энэ энгийн хүний мэдрэмжинд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэр махбодод нуугдан, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлж, хүн төрөлхтөн Өөрийг нь үгүйсгэхийг үл хайхран, хүний хүүхдэрхүү зан болоод мэдлэггүй байдлыг мөнхөд уучлан, Түүнийг үл хүндэтгэх байдлыг үүрд тэвчин, Өөрийнхөө ажлыг даруухнаар хийсээр байдаг.
Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрлийг ч бас эдэлж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг үнэлж эхлэн, Бурханы хайр татам байдлыг харж, хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс болгуулах замыг хардаг. Түүний үг биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин амилахад хүргэдэг; Түүний үг бидэнд тайвшрал авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэгдэл үлдээдэг; Түүний үг бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хургатай адил; заримдаа бид Түүний нүдний цэцгий мэт байж, Түүний хайр, дурлалыг эдэлдэг; заримдаа бид Түүний дайсан мэт байж, Түүний нүдэн дэх уур хилэнгийн улмаас үнс нурам болон хувирдаг. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой бөгөөд бид бол Түүний өдөр шөнөгүй олж авахыг хүсдэг төөрсөн хурганууд юм. Тэр бидэнд өршөөнгүй ханддаг, Тэр биднийг жигшдэг, Тэр биднийг өргөдөг, Тэр биднийг тайвшруулж, ятган ухуулдаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, Тэр биднийг гэгээрүүлдэг, Тэр биднийг цээрлүүлэн сахилгажуулдаг, тэр ч байтугай биднийг хараадаг. Тэр бидний төлөө өдөр шөнөгүй санаа зовж, өдөр шөнөгүй биднийг хамгаалан халамжилж, хэзээ ч бидний хажуунаас холдолгүйгээр Өөрийн бүх анхаарал халамжийг бидэнд зориулж, бидний төлөө ямар ч төлөөс төлдөг. Энэхүү энгийн, жаахан биеэс гарч буй үгэн дундаас бид Бурханы бүхнийг эдэлсэн бөгөөд Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн ч үүнийг үл харгалзан, бардам зан бидний зүрх сэтгэл дотор байсаар байгаа ба бид энэ хүнийг Бурхан хэмээн идэвхтэйгээр хүлээн авахад бэлэн биш байсаар байгаа. Хэдий Тэр бидэнд маш их манна өгсөн ч, таашаан эдлэх зүйл ихийг өгсөн ч гэсэн, эдгээрийн аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байр суурийг орлож чадахгүй. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг маш дурамжханаар хүндэлдэг. Хэрвээ Тэр Өөрийгөө бидэнд Бурхан гэж таниулахаар зүйл ярихгүй л бол, удахгүй ирнэ гэж байсан ч бидний дунд маш удаан хугацаанд ажилласаар ирсэн Бурхан бол Тэр юм гэдгийг хүлээн зөвшөөрөх санаачлагыг бид хэзээ ч гаргахгүй.
Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхэлдэг. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар болон авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд ялзарсан хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанарыг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Түүнээс гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны боолчлол болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн амьдралыг минь төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний оюун ухаан ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана: Бидэн дунд амьдардаг, бидний хэдийнээ голсон энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр мөн! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ. Тэр үед, бидний зүрх сэтгэлийг Тэр бүрэн байлдан дагуулсан; Тэр хэн бэ гэдэг талаар цаашид бид эргэлзэхээ больж, Түүний ажил болоод үгийг цаашид эсэргүүцэхээ байж, Түүний өмнө бүрэн дүүрэн унасан. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг даган, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг эргүүлэн төлж, биднийг гэсэн Түүний хайрыг хариулж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай даган, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээс өөрийг хүсэхгүй байна.
Бурханаар байлдан дагуулагдана гэдэг бол бие хамгаалах урлагийн тэмцээнтэй адил.
Бурханы үг болгон бидний үхлийн цэгийг цохиж, биднийг гунигтай, айж түгшсэн байдалд оруулдаг. Тэр бидний үзлийг илчилдэг, бидний төсөөллийг илчилдэг, бидний завхарсан зан чанарыг илчилдэг. Бидний хийж, хэлж байгаа бүгдээр, бидний бүх үзэл бодол, санаагаар дамжуулан бидний угийн чанар болон мөн чанар Түүний үгээр илчлэгддэг бөгөөд биднийг айдас түгшүүрт автуулж, нүүрээ хийх газаргүй болгодог. Тэр бидний бүх үйлдэл, зорилго, санаархал тэр ч байтугай бидний хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарын талаар бидэнд хэлдэг ба бид бүрэн илчлэгдсэн мэт санагдаж, бүрэн итгэснээ бүр ч мэдэрдэг. Түүнийг эсэргүүцсэний төлөө Тэр биднийг шүүж, Түүнийг гутаан доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээдэг, мөн Түүний нүдэнд бид үнэ цэнэгүй мэт, бид амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар тасарч, бид цаашид Түүнээс ямар нэг зүйлийг шалтгаангүй гуйж, нэхэж чадахаа больдог, тэр ч байтугай бидний мөрөөдөл ганцхан шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэний ч төсөөлж чадахгүй, хэнийх нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хэсэг зуур бидний оюун ухаан тогтворгүй болж, өмнөө байгаа замд хэрхэн үргэлжлүүлэн явахаа мэдэхээ больж, өөрсдийн итгэл үнэмшлийг хэрхэн үргэлжлүүлэхээ мэддэггүй. Бидний итгэл буцаад л эхний байсан газраа ирсэн мэт, бид хэзээ ч Эзэн Есүстэй уулзаж, танилцаж байгаагүй мэт санагдах болно. Нүдний өмнө байгаа бүхэн биднийг будилуулж, бид зорилгогүй явж байгаа мэт санагддаг. Бид зовнин түгшиж, сэтгэлээр унаж, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур, ичгүүр гутамшиг байх болно. Бид дотроо уудлахыг хичээж, гарах арга зам олохоор хичээж, тэр ч байтугай Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог ба зүрх сэтгэлээ Түүнд нээдэг. Бид гадна талдаа их зантай ч биш, даруухан ч биш байх үе байдаг хэдий ч зүрх сэтгэлдээ бид, урьд өмнө байгаагүйгээр хохирол амссан мэдрэмжтэйгээр шаналж байдаг. Заримдаа бид гадна талдаа гайхалтай тайван байгаа мэт байдаг ч дотроо зовлон шаналлын далайг туулж байдаг. Түүний шүүлт ба гэсгээлт биднийг бүх итгэл найдвар, мөрөөдлөөс маань салгаж, бидний хэмжээлшгүй хүслийг үгүй хийж, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт болон гэсгээлт нь бид нар болоод Түүний хооронд гүн гүнзгий ангалыг бий болгодог ба хэн ч үүнийг гатлахыг хүсдэггүй. Түүний шүүлт, гэсгээлт нь бидний хувьд тийм их доромжлол, тийм их саад бартааг амсаж буй анхны удаа юм. Түүний шүүлт, гэсгээлт нь, Бурханы нэр төр болон хүний зөрчлийг тэвчдэггүй байдлыг үнэхээр ойлгох боломжийг бидэнд олгодог, түүнтэй харьцуулахад бид маш дорд бөгөөд ариун бус билээ. Түүний шүүлт, гэсгээлт нь бид хэчнээн их зантай, биеэ тоосон хүмүүс болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай адил, Бурхантай эрх тэгш байж чадахгүй юм гэдгийг бидэнд анх удаа ойлгуулдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг цаашид тийм завхарсан байдалд амьдрах хүсэлгүй болгож, өөрсдийн тийм угийн чанар, мөн чанарыг аль болох хурдан хаяж, дахин хэзээ ч Түүгээр жигшигдэн зэвүүцэгдэхийг хүсэхгүй байхад хүргэдэг. Түүний шүүлт, гэсгээлт нь Түүний үгийг дагахдаа баяртай байхад бидэнд тусалж, Түүний зохион байгуулалт, зохицуулалалтыг цаашид эсэргүүцэхээ болиход хүргэдэг. Түүний шүүлт ба гэсгээлт нь, бидэнд амьдралыг эрж хайх хүслийг дахин өгч, Түүнийг өөрсдийн Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн авахад хүргэдэг… Бид байлдан дагуулах ажлаас алхан гарч, тамаас алхан гарч, үхлийн сүүдэрт хөндийгөөс алхан гарсан… Төгс Хүчит Бурхан биднийг, энэ бүлэг хүмүүсийг Өөртөө авсан! Тэр Сатаныг ялан дийлж, Өөрийн бүх дайсныг ялсан билээ!
Бид бол ердөө л сатаны завхарсан зан чанартай энгийн бүлэг хүмүүс, бид хэдэн эриний өмнөөс Бурханаар урьдчилан тогтоогдсон хүмүүс бөгөөд бохир заваан газраас Бурханы өргөсөн ядарч зүдэрсэн хүмүүс юм. Бид нэгэнтээ Бурханыг голж, яллаж байсан хэдий ч одоо Тэр биднийг байлдан дагуулсан. Бид амийг хүлээн авсан ба Бурханаас мөнх амийн замыг хүлээн авсан. Бид газар дээр хаана байх нь хамаагүй, хавчлага шахалт, зовлон гамшгийг үл харгалзан Төгс Хүчит Бурханы авралаас ангид байж чадахгүй. Учир нь Тэр бидний Бүтээгч, бидний цорын ганц аврал билээ!
Бурханы хайр булгийн ус мэт өөд уруугүй үргэлжлэх ба чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайж, Бурханы ирэхийг хүлээдэг тэр бүх хүнд өгөгддөг.
Сар үргэлж нарыг дагадгийн адилаар, Бурханы ажил хэзээ ч зогсохгүй бөгөөд чам дээр, над дээр, түүн дээр болон Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүн дээр явагддаг.
2010 оны 3 дугаар сарын 23-нд илэрхийллээ
No comments:
Post a Comment