Ѳдѳр тутмын Бурханы үг “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?” (Эшлэл 1)
Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн, Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм.
Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
No comments:
Post a Comment